1 сарын 16, 2009 Сүүлийн үед манайхан кино хийдэг болжээ. Бидний бахархах дуртай Чингис хааны маань тухай маш олон киног дотоод гадаадын олон уран бүтээлчид хийсэн байдаг. Хамгийн сүүлд манай хэсэг уран бүтээлчид “Үхэж үл болно - Чингис Хаан” гээд кино хийсэн нь Тэнгисийн танхимыг дүүргэж, манай үзэгчдийг байлдан дагуулж байна. Өнөөдөр гэрийнхэнтэйгээ үзээд сэтгэл их хөдлөв, энэ талаараа бичихгүй байхын арга алга. Киноны нэр нь Чингис хаанд маань олон хүн итгэж, өөрийн амьдралыг даатгаж явж байгаа болохоор тэрээр үхэх эрхгүй гэдгээс санаа авсан бололтой. Кино үйл явдал Бөртэ үжинг мэргидүүд хулгайлахаас эхлэх бөгөөд Тэмүүжин Жамуха хоёрын анд нөхөрлөл, овог аймгуудын хагарал, нэгдэл, үндэсний үзэл гээд маш олон зүйлсийг уран сайхнаар дүрслэн үзүүлжээ. Түүхэн үнэнд хэр нийцэхийг нь мэдэхгүй ч их дажгүй кино болж. Ер нь түүхэн кино үзэж байхад монгол эмэгтэйн амьдрал ямар хэцүү байсан юм бэ. Хар багаас нь бараг танихгүй хүн эхнэр болгоод өгчихнө, хулгайлагдана, бэлэг болно гээд л бас л барзгар байсан байгаа юм шүү. Кино үзэж байхад санаанууд төрч байсан боловч ирээд хэдэг ажлаа амжуулчаад бичих гэсэн мартчихаж. Ямар ч байсан хэрэв та үзэж амжаагүй байгаа бол заавал очиж үзээрэй гэж хэлэх байна. Миний хувьд чөлөөт цагаа зөв боловсон гэдгээр өнгөрүүлэх үүднээс Тэнгис орж кино үзэх дуртай. Бас монголчуудынхаа хийсэн киног үзэж “үндэсний үйлдвэрлэлээ” дэмжих дуртай.
|