Бямба гараг, 2024-04-20, 9:41 PM
Friend's United Force
 
[ Сүүлийн бичлэгүүд · Гишүүд · Форумын дүрэм · Хайх · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: sanjka  
Форум » Спортын ертөнц » Гайхамшигт Хөлбөмбөг » Домогт Хөлбөмбөгийн хаан
Домогт Хөлбөмбөгийн хаан
sanjkaОгноо: Бямба гараг, 2009-05-23, 3:26 PM | Бичлэг # 1
Цус сорогч
Бүлэг: Үл үзэгдэгч
Форумын бичлэг: 70
Статус: Онлайн алга.
Манай гаригийн номер нэг спорт бол яах аргагүй хөлбөмбөг. Тэгвэл энэ гайхалтай спортын хаан хэмээн өргөмжлүүлж, дэлхий дахинд алдаршсан домогт Пелегийн түүхээс энд багахан хэсгийг өгүүлэх гэж байна. Түүний бүтээсэн гайхамшигт түүхийн талаар дэлхий даяар үлгэр домог мэт ярьсаар ирсэн билээ. Ирээдүйд ч энэ түүх яригдсаар байх болно.

Эдсон Арантес До Наскимента буюу бидний нэрлэж заншсанаар Пеле 1940 оны 10 сарын 23нд Бразилын Tres Coracos гэдэг газар ядуувтар гэр бүлд төржээ. Бага байхаасаа хөлбөмбөгөөр өвчилсөн тэрбээр сургуульдаа тийм ч сайн сурагчдын тоонд тооцогддоггүй байв. Ихэнх цагийг найзуудтайгаа бөмбөг нүдэн өнгөрөөхийн хажуугаар Пеле, гутал тослох, дуу дуулах зэргээр мөнгө олж гэр бүлдээ нэмэрлэдэг байлаа. Хүүгийн ганц мөрөөдөл нь ирээдүйд шилдэг тоглогч болж, алдрын оргилд хүрэх. Ер нь бүх л Бразил жаалуудын толгойд ийм бодол эргэлдэж, том болцгоодог гэхэд хилсдэхгүй. Гэвч яаж тарчиг амьдралтай жаалууд мөрөөдөхөөс өөр юу хийж чадах билээ дээ. Ядаж байхад тэдэнд бөмбөг ч олддоггүй байлаа. Бага насныхаа тухай Пеле ийн дурсаж байна. ”Жинхэнэ ”оригинал” бөмбөг хэтэрхий үнэтэй тул бид нар хуучин даавуу, арьсны өөдөс цуглуулан оёж бөөрөнхийлөөд тоглодог байлаа. Манай найзууд дунд гуталтай хүүхэд ердөө хоёрхон байсан тул . ”хүчний харьцааг” тэнцвэржүүлэх гэж тэдний гутлыг тайлаад бүгд хөл нүцгэн тоглоно. Харин гутлуудаар нь хаалгаа хийдэг байсан юм. Удаан хугацааны турш мөнгө цуглуулсны эцэст бид жинхэнэ бөмбөгтэй болж билээ. Мэдээж түүнийгээ бид ёстой нүдний цөцгий мэт хайрлаж аль болох хүчтэй цохихгүй байхыг хичээдэг байсан юм”
”Хөл нүцгэнчүүдийн” тэмцээн ихэнхдээ Пелегийн гэрийн өмнөх гудамжинд болдог байв. Тоглолт эхлэхийн өмнө жаалууд гар гараасаа барьж сүүдэрт суугаа үзэгч нөхдийнхөө өмнө зогсоно. Эгээ л Маракана цэнгэлдэхэд жинхэнэ тоглолт болох гэж буй мэт. Тэгээд л тоглолт үзэхээр ирсэн ”үзэгчид” уухайлан алга ташихад бяцхан тамирчид үзэгчдийн өмнө толгой мэхийн ёслоод тоглолтоо эхлүүлдэг байв. Тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөх тул шөнө орой болсон ч гудамжны дэнлүүний гэрэлд үргэлжилнэ. Пеле багийн ахлагч, өрсөлдөгч багаас шалтгаалж байраа үргэлж өөрчилж, өөрөө ч үүнээсээ татгалзахгүй. Заримдаа энэ тоглолт зодооноор дуусах ч үе бий. Гэхдээ тэд эргээд л нийлнэ. Учир нь тэдний амьдралыг “9 сарын 7” -гүйгээр төсөөлөх аргагүй болсон байсан юм. “9 сарын 7” гэдэг нь бидний ”хөл нүцгэнчүүдийн” багийн нэр билээ.

Түүх ингэж эхэлсэн…

Бразил бол хөлбөмбөгийн эх орон. Тэндэхийн бүх хүн хөлбөмбөгөөр амьсгална, бас амьдарна. Балчир хүүхдүүд ч адил.

Бяцхан Пелегийн тухайн үед тоглож байсан БАС багийг Вальдемор де Брито дасгалжуулдаг байв. Нэгэн өдөр дасгалжуулагч нь Пелег дуудаж “Вилья Бельмиро”-д хэд хоноод ирвэл чи зөвшөөрөх үү” гэж асуув. Юу асууж байгааг нь сайн ойлгоогүй хүү хаана гэнээ хэмээн лавлав. Вилья Бельмиро бол Сантос клубын цэнгэлдэх, шүтээн дуган нь билээ.

Вальдемор де Брито Бразилын хөлбөмбөгт нөлөөтэй, их гарын хүн байв. Тиймээс ч хуучин шигшээ багт тоглож байсан анд, Сантос багийн дасгалжуулагч Лулутай сайн харилцаатай. Тэр найзынхаа магтахын дээдээр магтаад байсан жаалхүүгийн хэрхэн тоглохыг харахыг зөвшөөрсөн ажээ.

Тэр энэ бүх учрыг хүүд нэгд нэгэнгүй тайлбарлаж бараг сарын хугацаатай ч явж магадгүйг хэлэв. Нэг сар гэв үү хэмээн хүү уулга алдаад, Бауругаас Сантос хүртэл хир хол вэ хэмээн асуув. 500 км. Пелед аймаар байлаа.

”Хажууд ойрхон биш л дээ. Гэвч чи амьдралдаа маш чухал ямар нэгэн алхам хийе гэж бодож л байвал би үүнээс сайхан боломж олж харахгүй байна. Чи миний зөвлөгөөг сонс. Чиний ур чадвар, техник ийм сайн байхад азаа үзэх хэрэгтэй’ хэмээн дасгалжуулагч нь хэлэв.

Пеле үүнд хариу өгөх нь зүгээр нэг хэрэг биш болохыг мэдрэв. Тэр багшдаа чин сэтгэлээр итгэдэг байв. Тэгээд аяархнаар,” таны бодсон бүгд сайхнаар бүтнэ байх” хэмээжээ.

Гэтэл хүүгийн ээжээс нь зөвшөөрөл авахын тулд бас нилээдгүй ажил боллоо. Дөнгөж яриа эхэлмэгц Селеста (Пелегийн ээж) нулимс урсгаад эхэлсэн тул де Бритод хамаг байдаг үгээ шавхах шаардлага гарчээ. Селеста түүний яриаг тасалж, тэр минь дөнгөж 15хан настай шүү дээ гэхэд Вальдемор дотроо, би ч хоосон хананд хэлждээ, бүтэхгүй нь гэж бодов. Тэгээд, “за яахав энэ миний биш та бүхний л шийдэх хэрэг. Пеле насан туршдаа ядуу зүдүү явах юм биздээ. Гэхдээ би миний зөв байсан гэдэгт хэзээ ч эргэлзэхгүй, баяртай” гэж хэлээд гарч явав. Гараад зам хүрч амжаагүй байхад Селесте гуай гарч ирээд, ноён Вальдемор, ноён Вальдемор гэж дуудах нь тэр.

“Намайг өршөөнө биз. Нэгэнт л та зүйтэй гэж үзсэн бол аваад явдаа”. Ингээд бүх зүйл бүтлээ. Пеле алсын аянд гарахад бэлэн болжээ.

Сантос…


Шинэ орчиндоо дасан зохицох гэж Пеле багагүй зүдэрнэ гэдгийг багш нь мэдэж байлаа. Очсон анхны өдрөө хийсэн бэлтгэл дээрээ тэрбээр бусдаас илүү харагдах гэж хичээсэн ч бүтэлтэй болсонгүй. Бүх юм өөр санагдаж айдас хүйдэст хамаг бие нь автсан байжээ.

Бэлтгэлийн дараа Вальдемор хүүгийн мөрөн дээр гараа тавиад хэлэв.

“Би сэтгэл зовохгүй байна.Чамайг энд сайн хүмүүсийн дунд орхилоо. Авъяасыг чинь хөгжүүлэх боломж энд бүрэн бий. Чи тун удахгүй ойлгоно. Энд хүмүүс сэтгэлээрээ нөхөрлөдөг юм. Би олон клуб мэднэ. Гэхдээ чамайг энд үлдээхээр шийдлээ”

“Миний өмнөөс гэрийнхнийг маань үнсээрэй” гэж хүү арай ядан бувтнав. Ээж аавтай нь холбож байсан ганц гүүр байхгүй болох шиг болов. Вальдемор баяртай гээд эргэн алхсаар булан тойрч үзэгдэхгүй боллоо.

Оройн хоолны цаг болжээ. Хүү бусдыг дагаж явсаар хооолны газар оров. Юм идэх хүсэлгүй байсан ч нэг ширээнд очиж суулаа. Хажууд нь суух нэг залуу бусдыг инээдтэй юм яриа тоолонд эг маггүй хөхөрнө. Пелед энэ залуу аятайхан хүн шиг санагдав. Тэгээд зориглож хаанаас ирэв, хир удаж байна даа гэж асуув.

-Би Рио-Гранде мужаас ирсэн, Порту-Алегрийн зүүн жигүүрийн тоглогч, Дорваль гэдэг гэлээ.

-Тэр ширээний үзүүрт сууж байгаа хэн бэ?

-Васконселлос

Пеле нүдээ арчин сайн харав. Үнэхээр аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч сууж байлаа. Талбайд харагддагаасаа хавьгүй жижиг аж. Ийм одой юм шиг хирнээ яаж гоол хийдэг байна гэж хүү гайхна.

-Эд нар энд хамт байдаг уу?

-Мэдээж хэрэг. Хөөе Васконселлос, Васконселлос. Энэ хүү чамтай танилцах гэнэ.

Алдартай Голеадер Пеле-г сүрхий харсанаа манайх ч хөлбөмбөгийн баг биш хүүхэд саатуулах газар болжээ гэлээ.

Сантосын бүрэлдэхүүн дэх анхны тоглолтоо Пеле Васкино багийн эсрэг хийв. Васкино бол Сантосынхон дотроо эв түнжин хагарч зарим нь багаа орхин явсны дараа үүсэн клуб юм. Тэдний 11 тоглогчийн 9 нь Сантосд тоглож байсан аж. Тоглолт дөнгөж эхлэнгүүт л Васкино эхний гоолыг хийв. Гэвч Сантосчууд ихээхэн хичээсний хүчинд нь хариуг нь баргьж тоог тэнцүүлж чаджээ. Энэ үед Пелегийн айж сандарч байсан сэтгэл нь яагаад ч юм алга болж бүх зүйл маш амархан энгийн болсон мэт санагдаж эхлэв. Удсан ч үгүй тэрээр өөрийн авъяас чадвараа гайхуулж 2 дахь бүр 3 дахь гоолыг хийлээ. Энэ тоглолтонд түүний баг 6 : 1-ээр ялсан юм.

Пеле үнэхээр баяртай байв. Гэрийнхэндээ хурдан мэдэгдэхсэн гэж яарав. Утсаар ярих мөнгө байсангүй. Тиймээс хуудас цаас аван ийн бичиж эхэллэээ. 1956 оны 7-р сарын 23. Хайрт гэр бүлийнхэндээ..

7-р сарын 27нд тэр багаасаа сард 6000 крузеиро авах гэрээ хүлээн авч гарын үсэг зуржээ. Ингээд Пеле хэмээх бяцхан хүү Сантос багийн бүрэн эрхт гишүүн боллоо.

Хичнээн чухал тоглолтын өмнө ч гэсэн тайван унтаад өгдөгт нь Пелег багийнхан нь гайхдаг байв. Зарим нэг нь наад жаалаа сэрээгээч гэхэд нөгөөх нь үгүй ээ, махчин амьтад авд гарахын өмнө унтаж амрах хэрэгтэй байдаг шүү дээ гэнэ. Тэгээд Пелег өнөөх олон гоолоо хийсний дараа Сантосынхан өөрсдөө унтаж амрахаар хэвтэхэд Пеле ганцаар бэлтгэлээ хийн үлддэг байв.

Тэр энэ багтайгаа олон олон ялалтанд хүрч амжилтын оргилд гарсан билээ.

Бразилын шигшээ баг

Энэ явдал олон улсын “Марумби” хэмээх цомын тэмцээний үеэр болсон юм. Тус тэмцээнд Сантос, Васка да Гама багууд хамтарч холимог баг бүрдүүлсэн оролцсон бөгөөд мэдээж Сантосын лидер Пеле бүрэлдэхүүнд багтсан байлаа. Шигшээ тоглолтонд шалгарсан үлдсэн “Васка- Сантос” - “Фламенго” багуудын тоглолт Маракана цэнгэлдэхэд болсон бөгөөд энэ тоглолтыг Бразилын спортын хорооны ерөнхий дасгалжуулагч Сильвио Пиррило үзэж байжээ. Тэрбээр удахгүй эхлэх Рокогийн цомд оролцох үндэсний шигшээ багийн тоглогчдыг сонгож байсан учир бусдаас онцгой авьяастай гэдэг нь илт мэдэгдэх Пелег анзаарчээ. Ингээд түүний жагсаалтанд Пеле гэсэн нэр бичигдлээ. Пиррило хажуу дахь хүнээсээ ийн асуув ” тэр хэдэн настай юм бэ” , ”Арван зургаа, эрхэмээ”

Удсан ч үгүй нэгэн мэдээ Бразил даяар тархлаа. “Жаалхүү шигшээд багтжээ, тэгэхдээ бүр 17-хон настай шүү, ийм зүйл байж болох уу, энэ чинь жирийн нэгэн баг биш Бразилийн шигшээ шүү дээ” Хүн бүр л үүний тухай ярьж, бичин бүр телевизээр хүртэл гарав. .

Пеле аавтайгаа энэ талаар ярихдаа тэсэлгүй нулимс унагаж, ийм зүйл болсон итгэж чадахгүй байгаагаа хэлэхэд ноён Дондино ч (Пелегийн аав) ч хэлэх үгээ олж ядан, миний хүү, миний хүү гэхээс өөр үг хэлж үл чадна. Дондино залуудаа төвийн довтлогчын байрлалд тоглодог байсан ч өвдгөндөө бэртэл авснаар хөлбөмбөгийн карьераа өндөрлүүлсэн аж. Гэтэл хувь тавилан түүнийг тэр чигт нь хаяаагүй гэдгий тэр энэ мөчид ухаарчээ. Гайхалтай авьяастай, дэлхийд нэрээ цуурайтуулах хүүг түүнд бурхан заяажээ. Ердөө 17-хон настайдаа шигшээ багт багтсан гайхалтай хүү шүү.

Түүний шигшээ баг дахь гайхалтай замналыг нь хүн бүр мэднэ.

pele1490781958 онд Шведед зохиогдсон ДАШТ-д оролцохдоо Пеле дөнгөж 18 настай байлаа. Гэхдээ энэ нь зургаан гоол оруулж, (үүнийхээ хоёрыг нь финалд) хөлбөмбөгийн түүхэн дэх гайхамшигт түүхийг бүтээхэд нь огтхон ч саад болсонгүй. Энэ ДАШТ-д түүний тогтоосон рекод амжилтыг дурьдааг байвал дуусахгүй. Шигшээ тоглолтонд гоол оруулсан хамгийн залуу тоглогч л гэнэ, хамгийн залуу Бразилийн шигшээн мэргэн бууч л гэнэ …

Үүнээс дөрвөн жилийн дараа Чилид зохиогдсон дэлхийн аваргад ч Пеле гялалзтал тоглосон. Нээлтийн тоглолтонд тэрбээр нэг гоол оруулж, цөөнгүй гоолын дамжуулалтыг өгсөн юм. Гэхдээ Пелегээс илүү Гарринча энэ тэмцээнд одтой байж, багаа түрүүлүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн аж.

Харин 1966 оны ДАШТ бол Пелегийн хувьд хар дарсан зүүд шиг л өнгөрсөн. Португалтай хийсэн хэсгийн тоглолтонд тэрбээр хүнд бэртэл авч дахин талбайд гараагүй бөгөөд багийнхнаа хэрхэн ялагдахыг зурагтаар гунигтайхан харж суусан гэдэг. Гэвч юм бүхэн улиран оддог хойно нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрч 1970 оны ДАШТ хаяанд ирэхэд Пеле өмнө алдсан бүхнээ эргүүлэн авахаар Жайрзино, Тостао, Карлос Алберто, Ривелино нарын нөхдүүдтэйгээ зүтгэсэн. Энэ нь ч үр дүнд хүрч алтан дагиныг хүртээд зогсохгүй, үүрд хадгалах эрхээр шагнуулсан билээ. Финалын тоглолтонд Пелег барих үүрэгтэй байсан Италийн шигшээн хамгаалагч Бургнич ”Тоглолтын өмнө би өөртөө тэр бидэнтэй л адилхан мах цуснаас бүтсэн хүн гэж хэлж байсан, гэвч миний буруу байсан юм” хэмээжээ.

Гэр бүл хувийн амьдрал

1966 оны 2 сарын 21нд Пеле , Чолби хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Хосууд Келли Кристина, Женнифер, Едсон хэмээх 3 хүүхэдтэйтээ амьдарч байгаад 1978 онд гэр бүлээ цуцлуулсэн аж.

1994 онд тэрээр Лемос Сеиксас дуучин хэмээх бүсгүйтэй гэрлэж Жошуа, ба Келесте гэдэг ихэр хүүхдүүдтэй болсон байна.

Зодог тайлсныхаа дараа тэрээр эртний анд Жосе Алвестайгаа хамтран компани байгуулсан бөгөөд менежерээр ажилладаг аж. Түүний компани нь Freemantle Media, Pele L’uomo, Pele Arena coffee гэх зэрэг брэндүүд гаргадаг, Бразилдаа нилээдгүй нөлөөтэй компаниудын нэгэнд тооцогддог.

Мөн 1992 оноос НҮБ-ын байгал орчин хүрээлэн буй орчин хариуцсан төлөөлөгчөөр ажиллах болсон байна.

2006 онд өөрийн бүрэн намтрыг багтаасан 5 см × 35 см хэмжээтэй “Pele” номоо гаргажээ. Мөн ТВ-ийн салбарт ч идэвхтэй оролцож хэд хэдэн тв цуврал, шоу нэвтрүүлгүүдэд оролцож байжээ.

Гавъяа шагнал

Сантос-д:
• Campeonato Paulista: 1958, 1960, 1961, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1969 and 1973
• Torneio Rio-São Paulo: 1959, 1963 and 1964
• Torneio Roberto Gomes Pedrosa (Taça de Prata): 1968
• Taça Brasil: 1961, 1962, 1963, 1964 and 1965
• Copa Libertadores: 1962 and 1963
• Intercontinental Cup: 1962 and 1963
• South-American Recopa: 1968
• Intercontinental Recopa: 1968
Нью-Иорк Космос-т:
NASL Champions: 1977
Шигшээ багт:
Дэлхийн цом
• Winner (3): 1958, 1962, 1970
• Appearances (4): 1958, 1962, 1966, 1970
• Рока-ын цом: 1957, 1963
Хувийн шагнал:
Campeonato Paulista мэргэн бууч: 1957-1965, 1969, 1973.
FIFA алтан бөмбөг: 1970.
1981 онд Франц-ын L’Equipe сэтгүүлээс явуулсан санал асуулгаар ‘Зууны шилдэг тамирчин’.
1999 онд Олон Улсын Олимпын хорооноос явуулсан санал асуулгаар ‘Зууны шилдэг тамирчин’.
1999 онд Reuters агентлагаас ‘Зууны шилдэг тамирчин’.
Мөн 2000 онд “Sportsman of the Century” шагналд 2-аарт шалгарчээ. Түүний өмнө домогт Мухамед Али орсон юм.

Мэдээллийн эх сурвалж Спортын Цонх.

 
Форум » Спортын ертөнц » Гайхамшигт Хөлбөмбөг » Домогт Хөлбөмбөгийн хаан
  • Page 1 of 1
  • 1
Search:

Fr.U.Fo™ © 2024