“Сери А”-гийн сүүлийн тойрогт Кака “Фиорентина”-гийн хаалганд гоол
хийчихээд уламжлал ёсоор тэнгэр рүү харан хоёр гараа өргөсөн. Харин
өдгөө “Милан”-ы балиашгууд Какагийн энэ үйлдлийг дахин харж чадахааргүй
болжээ. Учир нь бразил эр Мадридын “Реал”-д очих нь тодорхой болоод
байгаа гэнэ. Энэ тухай анх Испанийн “Marca” сонин нийтэд мэдээлсэн юм.
Тэд ийн бичихдээ Какагийн “Реал”-д очих магадлал 99.9 хувь гэжээ.
Үүний өмнөхөн Кака өөрөө “Милан”-ыг орхих бодолгүйгээ ярьж байсан нь
олныг эргэлзэхэд хүргэсэн. Гэвч асуудал дээгүүр шийдэгдсэн бололтой.
“Милан”-ы дэд ерөнхийлөгч А.Галлиани “Gazzetta dello Sport” сонинд энэ
наймаа биелэх боломжтой гэсэн ярилцлага өгснөөс хоёрхон цагийн дараа
Мадридад хүрэлцэн очиж, “Реал”-ын удирдлагуудтай уулзжээ.
Тэр ч байтугай “Реал”-ын шинэхэн ерөнхийлөгч Ф.Перес Какагийн аавтай
нь уулзсан байна. Ингээд хоёр тал ярилцсаны эцэст Кака 65 сая еврогоор
(56 сая фунт) “Реал”-д ирэхээр болж. Гэрээ ёсоор Кака Испанийн багт
таван жил тоглох бөгөөд жилд есөн сая евро авах аж. Юутай ч эрхэм Перес
амласандаа хүрч Какаг өөрийн болгож чадлаа. Кака “Реал”-д ирэх мэдээ
бусад оддыг Эзэн хааны баг руу урин дуудах хөшүүрэг болно хэмээн
таамаглаж байна. “Реал” энэ зун К.Роналду, Ф.Рибери зэрэг оддыг авчрах
санаатай байгаа. Мөн шинэ дасгалжуулагч Пеллегрини Д.Форланыг авахаар
идэвхийлэн хөөцөлдөж байгаа юм.
Эцэст нь хамгийн өндөр үнээр зарагдсан хөлбөмбөгчдийг танилцуулья.
Кака Зиданы супер амжилтад (тэр үеийн 46 сая фунт буюу 76 сая евро)
хараахан хүрээгүй ч Фигугийн байрыг хойшлуулж чадсан байна.