Манчестер Юнайтед. 3 тоглогч энэ өвөл ирсэн ч долоон саяар үнэлэгдсэн Тошич дээр л олны анхаарал төвлөрсөн. Таван тоглогчоо зээлдүүлсэн ч Манучо Халл ситид очсон нь мөн хамгийн их анхаарал татсан. Бүрэлдэхүүний чадвар. Зөвхөн аваргалах бүрэлдэхүүн л дээ. Харин энэ жил гэмтэл бэртэл ноднинг бодвол маш их байгаа. Гэхдээ л нөөц сайны хүчээр зогсолтгүй урагшилсаар л буй. Наймааны үнэлгээ. Хожоод л яваад байхад оролдоод яах юм бэ дээ. Бүх гол хүмүүс нь багтаа үлдсэн. Нэмээд Тошич хэмээх авьяаслаг залууг Партизанаас авсан. Гэмтэл ихтэй энэ үед чадвартай хүн нэмээд авсан нь маш сайн. Мөн 5 залуугаа өөр газар туршлага суулгахаар явуулсан нь муугүй шүү. +2. Челси. Куарежмаг цонхын сүүлийн өдөр зээлээр авсан нь нэлээн шуугиан тарьсан. Явсан хүн нь нэлээн олон, Бридж 13 сая еврогоор Ман Сити рүү одсон. Кудичини Тоттэнхэмд очсон. Бүрэлдэхүүний чадвар. Финишер огт байхгүй гэхэд болно доо. Дрогба энэ жил форм онцгой муу. Анелька орж гарж тоглодог. Бусад байрлал бол харин ярих юмгүй. Уг нь тайтлын төлөө л үзэх бүрэлдэхүүн. Нөөц ч гэсэн мундаг. Наймааны үнэлгээ. Орчин цагийн хөлбөмбөгт жигүүрээр бужигнуулдаг хүн од болсон цаг. Амжилт олж буй багуудын ихэнх нь вингерийн хүчээр явдаг. Челси энэ байдлаа засч португал залууг авсан нь сайн хэрэг. Интерт форм муу байсан ч гэсэн бага багаар тоглосоор формоо олох биз. Бриджийг боломжийн үнээр зарсан. Кудичиниг үнэгүй алдсан нь сөрөг үзүүлэлт. Тэр сайн хаалгач. Хамгийн гол нь асуудалтай байрлал болох төвийн довтлогчоо шийдэж чадсангүй ээ. Дрогба Анелька нараар хол явна гэвэл энэ байдлаар сайхан үлгэр. -1. Арсенал. Аршавин 16,5 саяар ямар ч байсан ирлээ. Хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн алдарт наймаа болсон гэхэд хилсдэхгүй. Хэдэн ч удаа 2 тал уулзав, хэчнээн их цаг гарздав. Эцэст нь Ганнерз дийлж, Зенитэд олдог байсан цалингаас нь багыг төлөхөөр авч чадлаа. Явуулсан хүмүүс нь баахан залуусаа ийш тийш зээлдүүллээ. Бүрэлдэхүүний чадвар. Аваргуудын лигийн эрхтэй л үлдвэл бол оо. Төвийн довтлогч асар ихээр дутагдаж байгаа. Цэвэрлэгч үгүй гэхэд болно. Хамгаалалтын нөөц маш сул. Наймааны үнэлгээ. Аршавин тэр их дарамтнаас ирчихээд шууд л сайн тоглоод эхэлнэ гэдэг эргэлзээтэй. Гэхдээ тэр ирсэнд фэнүүд нь баярлах ёстой. Өөрөө их хурдан хүн тул багийн философид тохирох этгээд. Адебаёор, Бэндтнер 2 урагш алга. Асуудлаа шийдэж чадсангүй. Гэхдээ хамгийн их үгүйлэгддэг байрлал нь хамгаалах чиглэлийн хагас. Энэ тал дээр тэд юу ч хийсэнгүй. -2. Ливерпүүл. Ирсэн хүн нэг ч үгүй. Явсан нь харин их олон. Хамгийн алдартай нь Робби Кийнийг буцаагаад Тоттэнхэмд зарлаа. 16,7 саяар үнэлэгдсэн. Бусад нь харин бүгд зээлдүүлсэн тоглогчид. Бүрэлдэхүүний чадвар. Бас л тайтл гэж ярих бүрэлдэхүүн. Сайн довтлогч байна. Жигүүрээр тоглочихдог хүмүүс ч бий. Төвдөө хамгийн осолтой бүрэлдэхүүнтэй баг. Хамгаалалт нь ч сайн. Хаалгач нь бас муугүй. Наймааны үнэлгээ. Хүн авах шаардлага байгаагүй. Бие бялдарын хүчээр тоглодог баг, угаасаа. Жигүүрээр учиргүй бужигнуулах хүн бараг үгүй ч төвөөс дарамталж чаддаг. Харин Кийнийг явуулдаг нь маш том алдаа. Торрес тоглохгүй тохиолдолд довтолгоо хэцүүдээд ирнэ. Үлдсэн хугацаанд энэ нь хангалттай харагдах байх. -1. Эвэртон. Жо-г Ман Ситигээс зээлээр аваад ирсэн. Мөн л хэд хэдэн тоглогчоо зээлдүүлсэн. Бүрэлдэхүүний чадвар. УЕФА цомд өрсөлдөх чадвартай. Од нь гийвэл Аваргуудын лигийн эрх ч кармаалж мэдэх баг. Наймааны үнэлгээ. Энэ бүрэлдэхүүнээрээ сайн тоглоод л байгаа. Нэмээд Жо-г авснаараа гоол хийх боломж нь улам ихэссэн. +2. Астон Вилла. Эмиле Хэскиг 3,7 саяар худалдаж авсан. Бүрэлдэхүүний чадвар. Английн ирээдүй болсон олон залуу тоглодог гэдгээрээ онцлогтой. Авьяас ч гэж нуль баг даа. Хамгийн гол нь тэд маш өлсгөлөн байна. Хуучны Вилла эргээд иржээ. Зөвхөн Аваргуудын лигт гэж үзэх л бүрэлдэхүүн. Наймааны үнэлгээ. Сайхан баг боссон. Нэгийг нь ч алдаагүй. Нэмээд довтолгоондоо хүч нэмлээ. Хэскиг ийм үнээр авна гэдэг болно. Түүний туршлага залууст их хэрэгтэй. +2. Блэкбурн. Гиветийг Марселиас зээллээ. Диоуфыг Сандерландаас 2,2 саяар авсан. Явуулсан нь нэлээн хэд ч олны мэдэх нь Дербишайрыг хагас саяар Олимпиакост зээлдүүлсэн. Бүрэлдэхүүний чадвар. Ноднингийн шуугиулаад байсан баг яав аа гэмээр л байгаа. Хасагдчихмааргүй л баг даа. Энэ жил гэтэл юу ч болж мэдэх болчихлоо. Наймааны үнэлгээ. Уг нь Английн багууд телевизийн гэрээнээс асар их мөнгө олдог сон. Одоогийн явцдаа дүгнэлт сайн хийсэнгүй юу даа. Гэхдээ ядаж л довтолгоондоо тамир сэлбэлээ дээ. Тэр доош унагахгүй барихад тусална гэж найдаж байна. +1. Портсмаут. Идэвхтэй багуудын нэг байлаа. Францын Ленс багаас Надир Белхаж гэгч тоглогчийг 4,5 саяар авсан. Пеннантыг Ливерпүүлээс, Гэкасыг Лэвэркузенээс зээлдлээ. Басинасыг Атенаас үнэгүй авчихлаа. Дефог Тоттэнхэмд 16,4 саяар, Диарраг Реал Мадридад 20 саяар зарсан. Бүрэлдэхүүний чадвар. Бүр тийм муу ч баг биш ээ. Англид тэгээд ч муу баг гэж үгүй. Хасагдахгүй яваад байж чадах л баг. Наймааны үнэлгээ. Тэр Белхаж гэж нөхөр зүүн ард тоглодог гэсэн. Төлсөн мөнгийг нь харахад хоосонгүй этгээд бололтой. Сайн 3 тоглогчийг нэмээд авлаа. Зарсан 2 хүнээс орж ирсэн орлогыг нь харахад л менежер нь гуяа алгадаад гүйж байгаа биз. +2. Манчестер Сити. Цонх болонгуут эдний дээр бүгд анхаардаг болсон нь уламжлал болох нь. Бриджийг Челсигээс 13 саяар, Бэлламиг Вэст Хэмээс 15,5 саяар, де Ёонгийг Хамбургээс 19,5 саяар, Гивенийг Ньюкаслаас 9 саяар авсан бол Бэн Хаймыг Сандэрланд руу, Жо-г Эвэртон луу зээлээр үдсэн. Бүрэлдэхүүний чадвар. Тоглогч авсан мөнгөөрөө болдог бол энэ баг аваргалмаар. Гэхдээ мөнгө бүхнийг шийдэхгүй л дээ. Учиргүй их мөнгөөр сайн тоглогчид их ирж болно. Тэгээд баг зангидсан гар шиг байхгүй бол сайн амжилт үзүүлнэ гэдэг худлаа л даа. Уг нь бол Аваргуудын лигийн төлөө өрсөлдөж чадах л бүрэлдэхүүн. Наймааны үнэлгээ. Энэ хүмүүсийг авснаараа асуудалтай байдлуудаа шийдэж болох юм. Гэхдээ хэтэрхий их мөнгө цацаж байна. Энэ нь хөлбөмбөгийг гажуудуулж байна. Явуулсан 2 хүнээсээ жаахан “юм” салгахад гэмгүй л байсан даа. Тоглогчдыг байх ёстойгоос нь хэт өндөр үнээр авсан(-57 сая гэдэг чинь юу гэсэн үг вэ) гэдгээрээ -2. Вэст Хэм. Брэшиа Калчиогоос Савиог 11 саяар авсан. Явуулах тал дээрээ лигтээ хамгийн идэвхтэй нь байлаа. Бэлламиг Ситид, Этерингтоныг Стоукт 3 саяар зарсан. Фаубертыг 1,5 саяар Реал Мадридад зээлдүүллээ. Бауерыг Бирмингемд зээлдүүлсэн. Нийт 9 тоглогч үджээ. Бүрэлдэхүүний чадвар. Довтолгооны хэсэг нь гол цөм нь. Ерөнхийдөө хүснэгтийн 2 дахь хагас хавьцаа, хасагдалгүй шиг л тоглочих баг. Наймааны үнэлгээ. Брэшиагийн тоглолтыг огт үзээгүй болохоор тэр тоглогчийн талаар юу ч хэлж чадахгүй нь. Гэхдээ л 11 сая бол нэлээн нэртэй тоглогчийг авах мөнгө дөө. Эсвэл тийм айхтар авьяас байгаа юм уу. Цаг хугацаа харуулна. Явуулснаасаа овоо хэдэн бор юм салгасаан. Үнэлгээ нь 0. Тоттэнхэм. Ситигээс дутахгүй хөдөлгөөнтэй байлаа. Ирсэн нь: Чимбонда/Сандэрланд/ - 3,2 сая Кийн/Ливерпүүл/ - 16,7 сая Дефо/Помпэй/ - 16,4 сая Паласиос/Виган/ - 15 сая Кудичини/Челси/ - үнэгүй. Сталтери болон бас 2 тоглогчийг үнэгүй явуулсан. 3 тоглогчоо зээлдүүлсэн. Бас нэг тоглогчоо Араб руу нэг саяар явуулсан. Бүрэлдэхүүний чадвар. Их л дээгүүр жаалах баг даа. Наймааны үнэлгээ. Байгаа материалаа ашиглаад явахгүй болохоор нь гологдлуудаа татаж эхэлсэн. Зарсанаа бодоход бүр хэтэрхий их мөнгө төлсөн.Паласиос хэт үнэтэй байна. Кудичиниг үнэгүй авсан нь яамай даа. Ингэж их мөнгө зарахаар байгаа тоглогчдынхоо сэтгэл зүйг дээшлүүлэх тал дээр илүү ажиллах байсан мэт. -2. Ньюкасл. Шалькегээс Лөвэнкрандс гэх довтлогчийг үнэгүй аваад ирсэн. Одтой өдрөө боломжийн л тоглодог залуу даа. Кевин Ноланыг Болтоноос авчирахад 4,5 саяыг зарлагадсан. Гивенээ Ситид 9 саяар, Н’Зогбиаг Виганд 6,4 саяд өгсөн. Бүрэлдэхүүний чадвар. УЕФА цомын эрх гэж үзмээр баг. Наймааны үнэлгээ. Энэ улирал өөдлөхгүй байгаа тэд ганцаардаад байдаг Оуэндоо хань олж ирсэн нь яамай. Ноланыг боломжийн үнээр авчихсан. Зарсан нөхдөөсөө орлогыг сайн цуглууллаа харин. Багийн хүч сулрах ч гэсэн зөрүүлээд хүмүүс авсан бас санхүү талыг нь бодоод +2. Фулхэм. Буллардаа Халл ситид 5,3 саяар өгсөн. Бүрэлдэхүүний чадвар. Хасагдчихгүй яваад л байдаг баг. Наймааны үнэлгээ. Хамгийн том одоо явуулчихсан. Түүнээс баг нь маш их хамааралтай байсан. Зарсан үнэ нь ч гэсэн сайн үнэ хүргэж чадаагүй. Ядаж л тэр мөнгөөрөө цусаа олигтой сэлбэсэнгүй. -2. Халл Сити. Буллардыг авсан. Манучог МанЮ-аас зээлдсэн. Мөнгө зарлагадаагүй. Кевин Килбэйн хэмээх ветераныг Виганаас хагас саяар авсан. Мөн Заяатте гэдэг тоглогчийг 2,5 саяар Швейцараас олж ирсэн. 4 тоглогчоо гадагш зээлдүүлсэн. Бүрэлдэхүүний чадвар. Хасагдахгүй шиг байвал их юм гэмээр баг. Гэтэл харин бүр эсрэгээрээ сайн тоглоод байгаа баг даа. Довтолгооны хэсэг багийн амин сүнс нь гэхэд болно. 25 тоглолтод 31 гоол хийсэн, тоглолт бүрт гоолдож байгаа гэсэн үг. Харин 46 гоол алдсан нь лигтээ бараг адагт орж байгаа. Наймааны үнэлгээ.Буллардыг боломжийн үнээр авсан. Заяатте нь хамгаалалтын бүх байрлалд тоглодог универсал тоглогч гэнэ лээ. Тэгэхээр зарлагадсан мөнгө нь гайгүй бололтой. Манучо тэдэнд хань болох л байх. Килбэйний туршлага хэрэгтэй. Хүчээ сэлбэхээр үнэхээр ажиллаж чаджээ. +2.
|