Гурав, дөрөвдүгээр сард болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны
тоглолтуудын дараагаар нэлээд хэдэн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч
ажлаасаа халагдсан. Тухайлбал, Чехийн Петр Рад, Бельгийн Рене
Вандерэйкен, Румыний Виктор Пицуркэ, Армений Ян Поульсен, Македоны
Сречко Катанец нар ажилгүй болжээ. Бүгд л тааруу амжилт гаргасныхаа
шанд ийм “шагнал” хүртсэн. Гэхдээ зарим нэг нь лидерүүдтэйгээ хэл амаа
ололцоогүйгээс багийн дотоод уур амьсгалыг эвдэн дайран дээр давс
нэмсэн.
Рад л гэхэд заналт дайсан Словакт талбай дээрээ хожигдчиход
үүнийхээ бурууг Барош, Ковач, Фенин, Матеёвски, Сверкош нарт тохсон.
Түүний хэлснээр дээрх тоглогчид баардаж, биеэ үнэлэгчидтэй зугаацсанаас
болж багийн уур амьсгал доройтсон ажээ. Мөн Катанец багийнхаа цорын
ганц од тоглогч болох Горан Пандевтай зөрчилдсөнөөр өөрийнхөө эсрэг
хүмүүсийг олноор нь төрүүлсэн. Түүний алдахыг л хүлээж байсан шиг,
дөрөвдүгээр сарын 1-нд Голландад бут ниргүүлэхэд нь Македоны
хөлбөмбөгийн холбоо халж орхисон юм. Гэхдээ тус улс хэсгийнхээ
хоёрдугаар байрт шалгарах муугүй боломжтой байгаа билээ.
Халаа сэлгээ Азийн орнуудыг тойрсонгүй. 1998, 2006 оны ДАШТ-д
оролцсон Ираны шигшээ нутагтаа Саудын Арабт ялагдсанаар ӨАБНУ-ыг зорих
эрхээ бараг алдав бололтой. Тиймээс тус улсын хөлбөмбөгийн холбоо
домогт хөлбөмбөгчин Али Даеиг ерөнхий дасгалжуулагчийн албанаас нь
чөлөөлж, Мохаммед Майеликоханыг томилжээ. Америк тивийнхний тухайд
одоогоор Мексикийн шигшээ удирдагч Свен-Горан Эрикссон ажлаа өгөөд
байна.
Түүний амжилт тааруу гэхэд дэндүү тааруу байсан тул Мексикийн
хөлбөмбөгийн холбоо Хавьер Агирред итгэл үзүүлэв. Швед мэргэжилтний
араас замнаж мэдэх хамгийн магадлалтай хүнээр Диего Марадона нэрлэгдэж
байна. Шигшээ нь гутамшигтай хожигдсон тохиолдолд аргентинчууд ерөнхий
дасгалжуулагчтайгаа нялуураад байхгүй халдаг журамтай.
Гэтэл тэд энэ удаад түүнийг уучлаад өнгөрлөө. Боливт 6:1-ээр
гутамшигтай ялагдсан үзүүлэлтээ хожигдлоор хачирлавал Марадона өчиггүй
халагдах нь ойлгомжтой. Мөн Португалын Карлуш Кейруш, Польшийн Лео
Бенхаккер, Францын Раймон Доменек нарын хувь заяа дээсэн дөрөөн дээр
дэнжигнэж байна.
|